Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023” эхний өдрөө “Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын бизнесийн дуу хоолой” сэдвээр хувийн хэвшлийнхний зөвлөлдөх уулзалт, мөн бизнес, худалдааны хөгжлийн талаарх дугуй ширээний салбар уулзалтаар үргэлжилж байна.  

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг НҮБ-ын харьяа Олон улсын Худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг бөгөөд Монгол Улстай энэ удаа тус чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь” гэсэн нэгдсэн сэдвийн дор “Органик, дижитал худалдааны шилжилт, Тогтвортой хөгжлийг дэмжих нь” зэрэг хөгжлийн шинэ чиг хандлагын талаар хэлэлцэхээр 6 дугаар сарын 26-29-нд зохион байгуулж буйг ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж мэдээлж байна.  

Чуулга уулзалт мэдээллийн технологи, арьс шир, ноос, ноолуур гэсэн 3 үндсэн чиглэлд үргэлжилж хуралдана. Эхний өдрөө Далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээврийн харилцааг сайжруулах талаар хэлэлцэж байна. Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтад бодлого боловсруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, экспортын зорилтот томоохон зах зээлийн худалдан авагч нар, мөн олон орны хэвлэл мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагч, зочид төлөөлөгч 300 хүн оролцож байна.

Чуулга уулзалтын хүрээнд Монголын экспортын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, ноос, ноолуур, арьс шир, мэдээллийн технологи зэрэг салбарынхны В2В буюу нүүр тулсан уулзалтууд, бизнес зөвлөгөө зэрэг үйл ажиллагаа өрнөх юм.

Д.Сүхбаатарын талбайд “Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” нэрийн дор эхний өдөр арьс ширэн бүтээгдэхүүний, хоёр дахь өдөр 6 дугаар сарын 27-нд ноос, ноолуурын салбарын өдөр, 28-нд хоршоологчдын өдрийн үзэсгэлэн худалдааг дэлгэх юм.

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023” маргааш 6 дугаар сарын 27-ны мягмар гарагт албан ёсны нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлүсх үг хэлнэ. Нээлтийн дараагаар “Бичил, жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэх арга“, “Залуучуудын бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх нь“ зэрэг сэдвээр үргэлжлүүлэн чуулна. Чуулга уулзалт 6 дугаар сарын 28-29-нд Үндэсний экспортын стратегийн семинараар үргэлжилж, зочид төлөөлөгчид нүүдэлчин ахуйтай танилцана.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар болон МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.

Тодруулга: НҮБ-ын харьяа Олон улсын худалдааны төв нь бичил, жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг дэмжих нь хувь хүн, олон нийт, улс орнуудыг ядуурлаас гаргаж, илүү шударга дэлхийг бий болгох зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус төвөөс зохион байгуулдаг чуулга уулзалт нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, ЖДҮ-үүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна.

Эх сурвалж: Монцамэ

Хариулт үлдээх