Буянт голын хөвөөнд бага насны хүүхдийг чийрэгжүүлэх зуны сувилал ажиллаж байна.
Энэ сувиллын үйл ажиллагаа нь 10 хоногийн хугацаанд үргэлжлэх учиртай. Одоогоор 4 дэхь өдрийн үйл ажиллагаа нь амжилттай өрнөж, бага насны хүүхдийн бие бялдрыг эрүүлжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон талт ажил зохион байгуулж байна.
Аймгийн төв буюу Жаргалант сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвийн 60 орчим эмч, сувилагч, ажилтнууд уураг илчлэгийн дутагдалтай, цус багадалттай, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн айл өрхийн хүүхдийг хуваарийн дагуу хүлээн авч, нарны илчинд шар сүү, гүүний саамд оруулж, тараг, үзэмний шүүс, бантан зэрэг эмчилгээний эрүүл хүнсээр хооллож буй. Түүнчлэн хүүхдэд иллэг, массаж хийх аргачлалыг эцэг эхчүүдэд зааж сургаж байгаа бөгөөд чийрэгжүүлэлтийн ач холбогдол, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгааны талаар эцэг эх, асран хамгаалагчийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт хийж байгаагаараа онцлогтой.Зуны сувилал сүүлийн 7 жил тасралтгүй Буянт гол дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд дунджаар 800 орчим хүүхдийг эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж, дархлааг нь дэмжиж хэвшжээ. Хүүхдийн дархлааг сайжруулснаар аливаа өвчлөлөөс сэргийлэх боломж бүрддэг. Өнөөдөр л гэхэд 200-250 хүүхэд эцэг эхийн хамт уг сувилалд ирж үйлчлүүлсэн байна.