Тус аймаг энэ жил аялагч, жуулчдад зориулж бодлогын чанартай үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.Тухайлбал, аяллын бүс нутгуудын тоог нэмэх. Олон нийтэд сурталчлан таниулах, хямд, боломжийн үнэтэй, тав тухтай амарч, аялж болох амралтын газрууд жуулчны баазуудыг нээх ажлыг бодлогоор дэмжих. Аялагчдад зориулсан ариун цэврийн байгууламж, хогийн цэг, аяллын маршрутын тэмдэгжүүлэлтэд онцгой анхаарч байна.Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 24 сумын Засаг дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нарт үүрэг чиглэл өгч албан даалгаврыг бодит ажил хэрэг болгон ажиллаж байна. Тодруулбал, сум тус бүр дээрх албан даалгаврын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ялангуяа аяллын бүс нутгуудын хог хаягдал, ариун цэврийн байгууламжийг сайжруулах. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад стандартыг хангуулах. Жуулчид амрагч нарт зөв зохистой аялах, мэдээлэл зөвлөгөөг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд өгч байна.Улаагчны хар нуур, Мухартын голын эргийн хамгаалалтыг сайжруулахаар дүмбэн зурвасыг Эко Грийн Түнш ХХК-тай гэрээ байгуулж эргийн хамгаалтын ажлыг хийж эхэлсэн. Мөн Завхан аймгийн 100 жилийн ойг угтаж 24 сумын аялал жуулчлалын онцлог бүхий контент нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн. Төсвийн тодотголоор Отгонтэнгэр уулыг зорих аялагч, жуулчдад зориулан Отгон суманд ариун цэврийн байгууламжыг нэмж барихаар болсон. сЖил ирэх тусам аялагчид, жуулчдад зориулсан үйлчилгээний чанар, орчин нөхцөл, сайжирч, амралтын газар, зочид буудал, жуулчны баазуудын тоо нэмэгдэж байгаа нь талархууштай юм. Гэсэн хэдий ч аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх зарим бодлогууд хангалттай хэрэгжихгүй байна. Завхан аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй. Тодруулбал, Улаагчны хар нуур парк төсөл, Мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалтай холбоотой ажил зэрэг томоохон бодлогын бичиг баримтуудтай боловч БОАЖЯ, орон нутгийн зүгээс аялал жуулчлалын салбарт зарцуулах төсөв маш бага байдаг. Тиймээс дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байгаа нь харамсалтай юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Эх сурвалж: Монцамэ

Хариулт үлдээх