
Монгол улсад 50 ам километрээс дээш хэмжээтэй мандал бүхий 25 нуур бий. Үүнээс Увс, Хөвсгөл, Хар-Ус, Хяргас, Буйр зэрэг нь талбайн хэмжээгээрээ тэргүүлдэг аж. Мөн огт хөлддөггүй, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Амтат нуур болон эмчилгээний эрдэс бодисоор баялаг. Мөн Завхан аймгийн Яруу сумын Хаг нуур гээд эрдэс баялгаар арвин жижиг нуурууд цөөнгүй.

Эдгээр нууруудаас Яруу сумын нутагт орших гадагш урсгалгүй Хаг нуурыг онцолж байна. Хаг нуур нь Яруу сумын Эрээн хайрхан, Мандат хайрхны хоорондох хөндийд, аймгийн төв Улиастайгаас 65 км-т, Улаанбаатар хотоос 1055 км-т оршдог.
Хяргас нуур, Завхан голын сав газрын судалгаанд өгүүлснээр, Хаг нуурт Хавчиг, Галтын горхиуд цутгадаг. Нуурын ашиглалт хэрэглээний чиглэл нь малын унд, эмчилгээний шавартай. Нуурын усан мандлын талбай нь 7920000 м2, нуурын урт нь 7200 м, өргөн нь 1100 метр, сунаж тогтсон нуур юм. Нуурын ус нь давстай, малын тэжээл болдог аж.
Хаг нуурын гурван гайхамшгийг нутгийн иргэдийн өгүүлснээр, нуурын усаар юм угаахад ямар ч савангаас дутахааргүй өнгө оруулдаг аж.
Мөн зуны дэлгэр цагт нутгийн малчид малаа булхуулдаг бөгөөд малын тарга тэвээргэ нь сайн хадгалагддаг байна.
Түүнчлэн нуурын шаварт нь орж суух юмуу түрхэхэд арьсны маажуур, тууралт, арьсны харшлын төрөл бүрийн өвчинд тустай гэдгээрээ алдаршсан ажээ.

Яруу сум Ханжаргалант хайрхан Гэрэл зургийг: П.Батарзоригт
Та Хаг нуурыг зорих бол Улаанбаатар хотоос 1055 км замыг засмал замаар туулж, Тэлмэн сумаас Яруу сум хүртэлх 150 орчим км замыг шороон замаар туулж хүрнэ.
Хаг нуурын эрэгт жуулчны бааз, амралтын газар байдаггүй. Нуур нь Яруу сумын төвөөсөө 8 км учир өөрт хэрэгтэй аяллын нэмэлт зүйлс, амтат хоол, буудлын үйлчилгээг та сумын төвөөс нь авах боломжтой юм.
Нутгийн иргэд Хаг нуурыг “нандин эрдэнэ, амьд ус-Биндэрьяа нуур” хэмээн жил бүр тахин шүтдэг уламжлалтай. Тиймээс та тус нуурт амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяж бие засахгүй байхыг сануулж байна. Тус нуурын эрэгт зориулалтын хогийн цэг, нойлтой аж.
Ташрамд нуурын үзэсгэлэнт зургуудыг сонирхох бол “Элсэн дундах хөх сувд”-аас үзэж болох юм. Завхан аймгийн үзэсгэлэнт байгалийн гайхамшгийг харуулсан гэрэл зургийн номыг 2017 онд хэвлүүлэн гаргасан.
“Элсэн дундах хөх сувд” нэртэй энэхүү номонд Завханы түүх соёлын өв, байгалийн дөрвөн улирлын өнгийг гэрэл зургийн дуранд буулгаж зурагт ном болгон харуулжээ. Номыг англи, монгол тайлбартайгаар хэвлэсэн аж.
Номонд орсон 50 шахам гэрэл зургийг Завханы гэрэл зурагчин А.Мөнгөнбагана, н.Эрдэнэцогт нар Завхан нутгаараа тойрон аялж буулгасан байдаг. Тус номыг Завхан аймагт аялах дотоод болон гадаадын жуулчдад хөтөч болох төдийгүй хүүхэд залуучуудад нутаг орныхоо үзэсгэлэнт байгальтай номын хуудсаар дамжуулан танин мэдэх ач холбогдолтой юм хэмээн номыг бүтээгчид хэлж байв. Та Завхан нутгаар аялах гэж байгаа бол дээрх номыг заавал олж хөтөчөө хийгээрэй.