Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн. Баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон тус нуруу Монгол Улсын баруун урд бүс нутагт буюу Баянхонгор аймагт оршдог.  Тодруулбал, Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг. Мөн Их Богдын оргилд зуны сард цас бударч байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн төдийгүй хулан, хавтгай, аргаль, янгир зэргээс гадна улаан номд бичигдсэн олон ан амьтад бий. Их Богд уулын орчмын ургамал, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас устах буюу дүрвэн ховордож байгаа аргал, янгир, ирвэс болон бусад амьтдыг тусгайлан хамгаалах зорилгоор Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумын хил зааг орчмын 262.856 га талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Хариулт үлдээх