Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ. Тодруулбал, Европоос 2335 иргэн, Азийн улс орнуудаас 4233, АНУ-аас 1691, Австралиас 1143 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. 

Тэдгээрийн дотор бага насны хүүхэдтэй 1452, эрүүл мэндийн шалтгаантай 376, өндөр настан 854, жирэмсэн 141, санхүүгийн боломжгүй болсон 813, бусад шалтгаантай 2670 гаруй иргэн байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Европт байгаа иргэдээ эх орондоо ирэх боломжоор хангах үүднээс олон улсын нислэг үйлдэх транзит заалттай Франкфурт хотыг МИАТ компани сонгож, шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа орсон.

Элчин сайдын яамдад энэ нислэгт хамрагдах бүртгэлийг шинээр хийхгүй. Өнөөдрийн байдлаар, 9412 иргэний хүсэлтийг УОК-оос тавьсан шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилсан тул уг мэдээлэлдээ тулгуурлан Шуурхай штаб, ГХЯ-ны холбогдох ажлын хэсгийнхэн зорчигчдын нэрсийг гаргана.

Энэ дотор транзит зорчигчид орно. Транзит зорчигчдыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа тул эмнэлгийн орны нөөц боломжийг үндэслэн хэдэн хүн авахаа шийднэ гэв.

Хариулт үлдээх