Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэнэ. Аялал зугаалгаар Улаанцутгалантын хүрхрээг зорьж буй хүн бүр далайн төвшнөөс дээш 1630 метр өргөгдсөн уг хавцлаар дайран өнгөрдөг. Орхон гол нь “Улаан эргийн тохой” гэдэг газраас Үүртийн тохой хүртэл 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг агаад Үүртийн тохойн доод эрэгт дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. ОХУ-ын алдарт Кука куратнаятай ойролцоо шинж чанартай, эрдэслэг, фторын агууламж өндөр, нүүрсхүчлийн хий ихтэй учир тогтмол бус эмчилгээний зориулалтаар ууж болохыг судлаачид тогтоосон юм.

Үүртийн тохойг дээхнэ үед олон янзаар нэрийддэг байжээ. Учир нь Галдан бошигт олзолж авсан цэргүүдээ эрэг дээрээс шахан унаган хороодог байсан тул “Үйлтийн тохой” хэмээдэг байв. Мөн Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэж, Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйжээ. Үхсэн цэргүүдийн хүүр хавцлын тойрог хэсэгт овоорон гарч ирсэн тул “Хүүртийн тохой” гэж нэрлэжээ. Энэ үйл явдлын дараа Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг аварсан Орхон голд “Түшээ гүн” цол олгож, Улаан цутгалангийн тогоонд жил бүр 100 лан цагаан мөнгө өргөж байх зарлиг гаргасан хэмээдэг. Зарим үед Галдан бошигтын цэргүүд бус Ардын Хувьсгалын үеэр гамингууд үйж байсан гэх яриа ч бий. Юутай ч олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн, мал эндээд байхаар нь нутгийн иргэд “Үүртийн тохой” хэмээн өөрчлөн нэрийддэг болсон түүхтэй.

Аймгийн аялал жуулчлалын гол зам Үүртийн тохойг дайран өнгөрдөг тул эвдрэл ихтэй, саад бартаатай байдгаас жил бүр улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгөөр зам засварын ажлыг гүйцэтгэдэг. 2019 онд нутгийн иргэд өөрсдийн хөрөнгөөр бартаатай хэсгийг засварлаж, шуудууны хоолойг сольж байсан бол энэ жил Үүртийн тохойгоор Хужирт, Бат-Өлзийг холбосон засмал зам тавигдаж байна. 

source: montsame

Хариулт үлдээх