Бурхан Багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн болон Европын улс орнууд баярын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил бурхан багшийн их дүйчэн өдөр Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 2020.06.05 -нд тохиож байгаа билээ. Жил бүр энэхүү ерөөлтэй өдрийг угтан шашин соёл, хүмүүнлэгийн болон байгаль хамгааллын олон арван ажлуудыг зохион байгуулж олон нийт, сүсэгтэн олныг буяны сайн үйлсэд уриалан дагуулдаг билээ.

Энэ жилийн байгаль хамгаалал, хүмүүнлэгийн ажлын хүрээнд 2020.05.02-ны өдөр Бурхан багшийн их дүйчин өдрийг зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Бурханы шашны хийдийн лам нар, Төрийн бус байгууллагууд, Жаал алхалтын клубийн залуус болон Туул голын сав газрын захиргаатай хамтран Гачууртын хар усан тохойд туул голын эрэг дагуух 1 тонн хог цэвэрлэж, ургаа модонд уясан 60 шуудай хадгийг авлаа.

2020 оны 5-р сарын 23-ны өдөр “МОД-540” аяныг зохион байгуулж хүн бүрт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж нөхөн сэргээж, өөрийн байгаа орчиндоо мод тарихыг уриалан энэ жилдээ 108(хайлаас, чацаргана) мод Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд тарилаа.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш, манай нийт иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, шашин соёлын баяр болж өргөжин тэлж байгаа нь ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой юм. УИХ-ын 2019.12.20-ны өдрийн чуулганаар Монгол улсад Бурхан багшийн Их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр болгох хууль болгосон бөгөөд Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд, сүсэгтэн олон хамтран бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
















