Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаа хоног хязгаарлалаа.

Тодруулбал, зургаадугаар сарын 26-ний 21.00 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна. Иймд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

1. Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 02.00 цагаас 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах 

2. Бугат суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж зургаадугаар сарын 27-ны 01.00 цагаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах 

3. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах үйл ажиллагааг зургаадугаар сарын 27-ны 02.00 цагаас зургаа хоног түр хориглох

4. Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх 

5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын ЭМТ-д халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТ-ийн дарга удирдлагуудад өгч ажиллаж байна.

source: Montsame

Хариулт үлдээх