Бага насны хүүхэд, иргэдийг үер, усны аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид завьт эргүүл хийж байна. 
Аялал, амралт зугаалгын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан иргэд, хүүхэд багачууд гол, нуураа түшиглэн амарч зугаалах нь нэмэгдэж буй. Иймээс Буянт гол дагуу буюу Бугат үзүүрээс Шүүтийн тохой хүртэл 23 км газарт завьт эргүүл ажиллаж байна. Мөн онцгой байдлын газрын алба хаагчид Буянт голын зусланд гарсан айл өрхийн гишүүдтэй уулзаж, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж танилцуулж байна.
Үүнээс гадна Булган, Үенч гол дагуу завьт эргүүл ажиллаж байгаа. Алба хаагчид 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 7 хоногт 3 удаа гол дагуу завьт эргүүл хийх юм. 
 Баяр наадмын өдөр буюу 7 дугаар сарын 9-12-ны өдөр түр зуурын аадар бороо орох тул Ховд аймгийн нутаг дэвсгэрт гол, нуурын сав газар дагуу суурьшин нутаглаж буй малчид,  иргэд, тариаланчид болон голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд тогтмол анхааруулж байгаа. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эргээр тоглуулахгүй байхыг зөвлөлөө. 
Өнөөдрийн байдлаар Ховд голын усны түвшин үерийн аюултай түвшингээс 10 см-ээр давж, үерлэсэн хэвээр байна. Харин бусад голын усны түвшин өмнөх сараас тодорхой хувиар нэмэгджээ. 

Хариулт үлдээх