АНУ-д лабораторид ургуулсан мах худалдаалах зөвшөөрлийг тус улсын Хөдөө ахуйн яам лхагва гарагт гаргалаа. Тодруулбал, “Upside Foods”, “Good Meat” нь зөвшөөрөл авсан анхны компаниуд болжээ. Лабораторид ургуулсан махыг идэхэд аюулгүй гэдэг дүгнэлтийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн байна. “Upside Foods” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ума Валети Хөдөө аж ахуйн яам зөвшөөрөл олгосон явдлыг “мөрөөдөл биелж байна” хэмээн тодорхойлоод, “шинэ эрин үеийн эхлэлийг тавьж байна” гэж мэдэгджээ. “Энэхүү зөвшөөрөл нь бидний ширээн дээр тавигдах махыг үндсээр нь өөрчилнө. Энэ бол илүү тогтвортой ирээдүй рүү чиглэсэн агуу алхам юм” гэж У.Валети цохон тэмдэглэв. Лабораторид ургуулсан мах гэж юу вэ?Ургамлын гаралтай махнаас ялгаатай нь лабораторид ургуулсан маханд амьтны уураг агуулагддаг. Гэхдээ бидний идэж заншсан махнаас өөр ч малыг нядалдаггүй тул дэмжигчдийнх нь зүгээс махны “ёс зүйтэй” хувилбар гэж тодорхойлдог.Энэхүү махыг бүтээхдээ амьд амьтны эсийг цуглуулж, эсийн банк бий болгодог бөгөөд улмаар эсүүдийг ган саванд ургуулж, амьтдын хэрэглэдэгтэй адил шим тэжээлээр тэжээдэг байна. Дараа нь филе, наггет зэрэг уламжлалт махан котлетны хэлбэрт оруулдаг.2020 онд Сингапурын эрх баригчид “Just Eat” компанид хиймэл мах үйлдвэрлэх зөвшөөрөл олгож байсан билээ.Лабораторид ургуулсан мах нь байгальд ээлтэй юу?НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайлан мэдээллээр, мал аж ахуйн үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 14.5 хувийг бүрдүүлдэг. Иймд лабораторид ургуулсан махыг байгаль орчинд ээлтэй сонголт гэж тодорхойлж байна.Гэхдээ шинэ мах хүмүүсийн бодож байгаа шиг байгальд таатай нөлөөтэй биш байж магадгүй болохыг Калифорнийн их сургуулийн судалгаа харуулжээ. Өнгөрсөн сард танилцуулсан судалгааг салбарын мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байгаа аж.Уг судалгаанд дурдсанаар, лабораторид ургуулсан махыг үйлдвэрлэх бүх үе шатанд зарцуулагдах эрчим хүч, ялгарах хүлэмжийн хийн хэмжээ нь уламжлалт махнаас, ялангуяа үхрийн махнаас илүү их байх магадлалтай байна.

Source: montsame

Хариулт үлдээх