Гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Бага Түргэний хүрхрээ юм. Тус аймгийг зорин ирэгсэд Алтай Таван Богд уулын дараа Бага Түргэний хүрхрээг үзэж сонирхохыг хүсдэг. Тийм учраас аялагчдын тоогоор Алтай Таван Богдын дараа ордог. Тухайлбал, өнгөрсөн онд тус аймагт ирсэн дотоодын аялагчдын тоо 42 мянгад хүрсэн бөгөөд тэдгээрийн 50 гаруй хувь нь Алтай Таван Богд ууланд, 34 хувь нь Бага Түргэний хүрхрээд очсон аж. Алтайн нурууны хадан хавцлаас эхэлсэн хоёр том хөндий нь үзэсгэлэнт Хотон, Хурган нуур хүртэл үргэлжилдэг. Эдгээр хөндийнүүдийг Их, Бага Түргэн хэмээн нэрлэдэг. Хөндийн эргэн тойрон битүү шинэс, нарс, хонин аарцаар хучигдсан ба дундуур нь Их, Бага Түргэний гол урсан Хурган нуурт цутгадаг. Бага Түргэний голын адагт Түрэгийн үеийн сонирхолтой хүн чулууд, мөн төмөр зэвсгийн түрүү үед холбогдох пазырык булшнуудыг үзэж харж болно.Бага Түргэний хавцалд оршдог уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Эргэн тойрон нь мөнх цастай уулс, уул хад, зүлэг ногоо, ой мод, булаг шанд, уулын түргэн урсгалтай голуудтай. Хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг.

Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага хүрхрээний өндөр 13 метр.Хүрхрээ оршиж байгаа газар Алтай Таван Богд уулын байгалийн цогцолборт газарт харьяалагдаж, улсын тусгай хамгаалалтад байдаг. Хойд талаараа БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэнэ. Хүрхрээ орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, аргаль хонь, цоохор ирвэс, хүрэн баавгай, шилүүс мий, нохой зээх зэрэг зэрлэг ан амьтад идээшин нутагладаг. Мөн алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий. Бага Түргэний хүрхрээ нь аймгийн төвөөс 180 км, Цэнгэл сумын төвөөс 110 орчим км зайд оршдог. Хүрхрээ рүү Өлгий-Сагсай-Цэнгэл-Бага Түргэн, эсвэл Өлгий-Улаанхус-Цэнгэл-Бага Түргэн гэсэн үндсэн хоёр маршрутаар явдаг. Гэхдээ саяхан Хотон, Хурган нуурын хоолойн модон гүүр усанд урссан тул нутгийн иргэд, аялагчид өмнөх жилүүдийнхээс өөр замаар Цэнгэл сум-Хотон голын гүүр-Сумдайраг-Бага Түргэний хүрхрээ гэсэн маршрутаар арай хол зам туулж очиж байгааг сануулах нь зүйтэй. Аялагчид хүрхрээ орохоос өмнө Бага Түргэний амнаас Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны ажилтанд бүртгүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар авна. Тасалбарын үнэ дотоод, гадаадын иргэдэд адилхан 3000 төгрөг байдаг. Хүрхрээнд машинаар шууд яваад очих боломжгүй. Дөхөж очиж машинаа орхиод, цаашаагаа хүрхрээ рүү 2 км орчим явган алхдаг.Зуны улиралд Их, Бага Түргэний хавцлын аманд Цэнгэл сумын казах айлууд зусдаг тул аялагчид үндэсний ёс заншил, ахуй амьдралтай танилцах, бүргэдчидтэй уулзах, мөн мах, айраг, цагаан идээ худалдаж авах, морь хөлслөх боломжтой.

Эх сурвалж: Монцамэ

Хариулт үлдээх