Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх долоодугаар сарын 13-16-нд Унгарын нийслэл Будапешт хотод болох чансааны тэмцээнд оролцох бөхчүүдийн нэрсийг зарлажээ. Энэ жилээс ДБНХ чансааны тэмцээнд оролцогчдыг урамшуулах зорилгоор шагналын сан гаргасан бөгөөд түрүүлсэн бөх 1500 швейцар франк, мөнгөн медаль авбал 750, хүрэл медаль хүртвэл 500 франк авах болно.

Хоёр сар гаруйн дараа чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ. Тэгвэл энэ онд дөрвөн чансааны тэмцээн явагдах хуваарьтайгаас хамгийн сүүлийнх нь Будапештийн тэмцээн. Тийм болохоор энэ удаагийн тэмцээнд аль ч улс орон ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Яагаад гэхээр тэмцээний дараа бөхчүүдийн чансааг шинэчилж, дээгүүр байр эзэлсэн тамирчид есдүгээр сарын ДАШТ-д хэсэг толгойлох болно.

Зарим орон нэг жинд гурван бөх илгээж, ДАШТ-ий шигшээг Унгарт тодруулахаар зэхэж буйг спортын ертөнц мэдээлж байна.

ДБНХ-ноос зарласан Будапештэд өрсөлдөх чансааны тэмцээнд манай улсаас 11 тамирчин нэрлэгджээ. Тухайлбал,

Эмэгтэйчүүдийн

50 кг-д Д. Отгонжаргал

53 кг-д Б.Болортуяа

57 кг-д С.Цэрэнчимэд

59 кг-д Х.Болортуяа

68 кг-д Э.Дэлгэрмаа

Эрэгтэйчүүдийн

57 кг-д З.Занабазар

61 кг-д Т.Түвшинтулга, Н.Наранхүү

65 кг-д Т.Тулга  

74 кг-д О.Сүлдхүү

92 кг-д Г.Ганхуяг нар өрсөлдөхөөр болжээ. 

Хариулт үлдээх