Дэлхийн эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өнгөрсөн онд Парисын гэрээний үүрэг амлалттай эсрэгцэж түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг даваа гарагт танилцуулсан томоохон судалгаа харууллаа.

Их Британид төвтэй Эрчим хүчний хүрээлэнгийн Дэлхийн эрчим хүчний статистикийн тайланд дурдсанаар, эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэргээс ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарлын хэмжээ 2022 онд 0.8 хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.

Өнгөрсөн онд анхдагч эрчим хүчний хэрэглээ 2021 оныхоос 1 орчим хувиар, “Covid-19” цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинтэй харьцуулахад 3 хувиар өссөнийг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбар ихээхэн өссөн үзүүлэлттэй гарсан ч олборлодог түлш хэрэглээний 82 хувьд нь давамгайлсан хэвээр байжээ. Харин салхи, нарны эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлснээр түүхэн дээд үзүүлэлтдээ хүрчээ.

Эрчим хүчний хүрээлэнгийн тэргүүн Жульет Давенпорт хэлсэн үгэндээ, эрчим хүчний салбар Парисын гэрээний зорилтуудаас “эсрэг чиглэлд” явж байгааг анхааруулсан байна. 2022 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг урьд хожид үзэгдээгүйгээр амсаж, Пакистанд олон сая хүн үерийн гамшигт нэрвэгдэж, Европ, Хойд Америк даяар хэт халсан. Гэвч шинэ тайланд эрчим хүчний шилжилтийн талаарх нааштай үр дүн тун ховор хэвээр байна гэж тэрбээр ярьжээ.

“Хэдийгээр цахилгаан эрчим хүчний салбарт салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрүүд ихээхэн өссөн үзүүлэлттэй гарсан ч нийтэд нь авч үзвэл дэлхийн эрчим хүчтэй холбоотой хүлэмжийн хийн ялгарал дахин өслөө. Бид Парисын гэрээнд зааснаас эсрэг чигт хандсан хэвээр байна” гэж Ж.Давенпорт цохон тэмдэглэсэн байна.

2015 онд байгуулсан Парисын гэрээний дагуу улс орнууд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмд тогтоон барихын тулд энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн давхан ислийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх амлалт өгсөн юм. Хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж буй нь “Парисын гэрээний зорилтуудыг биелүүлэхийн тулд дэлхий нийт яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг” харуулж байгааг өөр нэгэн мэргэжилтэн анхааруулжээ. 

Хариулт үлдээх