Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг үзэх гэж зорин ирдэг гадаад, дотоодын аялагч иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

Сүүлийн үед Хөвсгөл нуур орчмын жуулчны баазуудын үнэ ханш эрс нэмэгдсэн тухай мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Гэвч жуулчны баазуудын үнэ ханш нэмэгдээгүй гэдгийг Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Дуламсүрэн хэллээ. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Хатгалд өөрснөө хоолоо хийж идэх боломжтой гэр, байшин хоногийн 130,00-200,000 төгрөг, гэр буудлууд 60,000-80,000 төгрөг, отоглох цэгт майхан барихад 10,000 төгрөгийн үнэтэй байна.

Үйлчилгээ, байршлаасаа хамаарч өглөөний цай, өдөр, оройн хоол багтсан бол 120,000-180,000 төгрөг байна.

Мөн 4 улирлын турш үйл ажиллагаа явуулдаг гадаадын иргэд ихэвчлэн ирж үйлчлүүлдэг өндөр зэрэглэлийн бассейн саунтай 280,000-350,000 төгрөгийн үнэтэй 4-5 жуулчны бааз байдаг. Эдгээртэй бусад бааз, буудлуудыг адил үзэж болохгүй” гэдгийг хэлж байлаа.

Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж, нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал, үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлалын баазууд ихэвчлэн улирлын чанартай буюу 6-8 дугаар сард үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ид ачааллын үед 50-60 мянган жуулчин ирдэг ажээ.   

source: Montsame

Хариулт үлдээх