Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 12 хоногийн хугацаа үлдээд байна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг 80 хувьтай хангаад байна. Энэ удаа  баяр наадмын 11, 12-ны Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбарыг тусад нь борлуулахаар төлөвлөсөн. Мөн баяр наадмаар олон нийтэд үзүүлэх соёл, урлагийн болон бусад арга хэмжээний хөтөлбөрийг эцсийн байдлаар баталсан. Наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 6-ны өдөр Шагайн харвааны өсвөр болон ахмадын аварга шалгаруулах хэсгийн тэмцээнээр эхэлнэ.

Албан ёсны ажиллагаа долоодугаар сарын 9-нд “Дээлтэй Монгол” наадмаар эхлэх юм. Харин төрийн албан ёсны ёслол долоодугаар сарын 10-нд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол, цэргийн жагсаалаар эхэлнэ. Долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт Уяачдын наадмыг зохион байгуулснаар наадам албан ёсоор өндөрлөнө.

source: montsame

Хариулт үлдээх