Ердөө сарын дараа буюу наймдугаар сарын 5-нд Инпонезийн Бали аралд Дэлхийн элсний II наадам эхлэх товтой байв. Гэвч Индонез улс эцсийн мөчид наадмыг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдсэн байна.

Тус улсын Засгийн газар шаардлагатай төсөв мөнгийг гаргаж өгөөгүй тул наадам зохион байгуулах амлалтаасаа буцахаас аргагүйд хүрснийг Индонезийн ҮОХ тайлбарлажээ.

“Индонезийн ҮОХ Дэлхийн элсний наадмыг зохион байгуулах боломжгүй болсонд үнэхээр харамсалтай байна” хэмээн Үндэсний олимпын хороодын холбооноос (ANOC) мэдэгдлээ. ANOC ирэх долоо хоногт шуурхай хуралдаж, Ерөнхий ассамблей зохион байгуулах газрыг судлахаар болсон байна.

“Бали-2023” дэлхийн элсний наадам цуцлагдсантай холбоотойгоор ANOC албан ёсны сайтдаа “Наадамд оролцохоор бэлтгэж байсан 100 гаруй ҮОХ, мянга мянган тамирчид, хамтрагч түншүүд, олон улсын холбоод болон үнэнч хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйж байна” хэмээн бичжээ.

Дэлхийн элсний анхдугаар наадам 2019 онд Катарын Доха хотноо болж, монголчууд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан билээ.

Хариулт үлдээх