Монголын уулчдын “Horizon mountaineering” клубийн тамирчид нэг өдрийн дотор манай улсын хамгийн өндөр уул болох Алтай Таван богдын гурван оргилд экспресс авиралт хийлээ.

Нийтдээ 16 уулчаас бүрдсэн баг авиралтаа өнгөрсөн сарын 27-ны 00.00 цагаас эхлүүлж, 28-ны өдрийн үүр хүртэл Хүйтэн (д.т.д. 4374 м), Найрамдал (д.т.д. 4082 м), Малчин (д.т.д. 4050) оргилуудад амжилттай гарсан байна.

“Бид эхлээд Цагаан голыг дагаж 16 км алхалт хийн “Base” отоглох цэгт очсон. Тэндээ 2 цаг амраад авиралтаа эхлүүлсэн. Хоёр шөнө, нэг өдрийн дотор Алтай Таван богд уулын гурван оргилд авирсан. Энэ бол уулын спортын түүхэн дэх ховор тохиолдлуудын нэг” гэдгийг уулчид онцлов.

Уулчдын багийг “Horizon mountaineering” клубийн үүсгэн байгуулагч, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монголын уулчдаас анх удаа Гималайн уулсын өндөр оргилуудын нэг Макалуд авирсан уулчин А.Баттогтох болон ахмад уулчин Б.Золбоот нар ахалж явсан ажээ. 

source: montsame

Хариулт үлдээх