АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Атлантын далайн гүнд сүйрсэн “Титан” шумбагч аппаратын сэг, уг аппарат сүйрэх үед амиа алдсан хүмүүсийнх байж болзошгүй гэж таамаглаж байгаа цогцсын үлдэгдлийг далайн ёроолоос татаж гаргаж, Канад улсын Сент Жонс хотын усан боомтод лхагва гарагт хүргэжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, хэлтэрхийнүүд дунд шумбагч аппаратын их биеийн доод хэсэг болон арын таг олджээ. Цогцсын үлдэгдэлд АНУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүд албан ёсны шинжилгээ хийнэ гэж Эргийн хамгаалалтын албаны мэдэгдэлд дурдсан байна. 

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны Тэнгисийн мөрдөн шалгах хороо (“МBI”) далайн ёроолоос, мөн “Титан” гүнийн шумбагч аппарат осолдсон хэсгээс гаргаж авсан хэлтэрхийнүүдийг болон эд мөрийн баримтуудыг нарийвчилсан шинжилгээ, сорил хийлгэхээр АНУ-ын боомт руу хүргүүлэх аж.

Хойд Атлантын далайн ёроолд 3800 орчим метрийн гүнд буй “Титаник” хөлөг онгоцыг үзэхээр зургаадугаар сарын 18-нд шумбаснаасаа хойш 90 орчим минутын дараа “дэлбэрсэн” уг шумбагч аппаратын бүхээгт байсан таван хүн бүгд амиа алдсан юм.

“Титан” шумбагч аппаратын бүхээгт шумбалтыг зохион байгуулсан “OceanGate” компанийн гүйцэтгэх захирал 61 настай Стоктон Раш,  Британийн судлаач 58 настай Хэмиш Хардинг, 48 настай Шахзада Давуд, түүний хүү 19 настай Сулеман Давуд, Францын судлаач 77 настай Поль-Анри Наржеоле нар байсан юм.

Сүйрлийн дараа цогцсын үлдэгдэл олдох найдвар тун бага хэмээн албаны хүмүүс үзэж байлаа.

Одоогийн байдлаар, “Титаник” хөлөг онгоцны хошууны ойролцоогоос олдсон шумбагч аппаратын хэлтэрхийнүүдийн дотроос таван том хэсгийг нь олоод байна гэж АНУ-ын Эргийн хамгаалалтын алба мэдээлжээ. 

Эрэн хайх ажиллагааг Канадын “Horizon Arctic” хөлөг онгоцны баг удирдан явуулсан бөгөөд, уг  хөлөг онгоцоор “Pelagic” судалгааны үйлчилгээний компанийн алсын удирдлагатай аппаратыг авч явжээ. Тус компанийн баг далайн гүний хайгуулын ажиллагаагаа дуусгаж, лхагва гаргийн өглөө бааз руу буцаж ирлээ гэж мэдэгдсэн байна.

source: montsame

Хариулт үлдээх