Орхон аймаг “Ухаалаг хот” болох зорилтын хүрээнд “Смарт Эрдэнэт” аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Иргэд уг аппликейшнээс Эрдэнэт хотын талаар ямар мэдээлэл авч болох талаар мэдээлье.

1.ХОТЫН ЗАХИРГАА ЦЭС

Уг цэсэнд Эрдэнэт хотод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр болон орон нутгийн удирдлагуудын гаргасан тушаал, захирамж байрлана. Мөн иргэд орон нутгийн удирдлагуудад хандан өргөдөл, гомдол, саналаа хэлж шийдвэрлэлтийн хариугаа эргээд цахимаар авах боломжтой.  

Хотын эргэн тойронд унаж, бэртэх болон гэмтэж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол та Эрсдэл мэдээлэх хэсэгт мэдээлж болно. Түүнчлэн хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж саналаа хэлмээр бол Хотын хөгжил гэсэн хэсэгт мэдээллээ үлдээж болно.

2.ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ ЦЭС

Уг цэсэнд өнөөдрийн байдлаар авто засвар, авто угаалга, үсчин, гоо сайхны үйлчилгээний 30 гаруй байгууллага нэгджээ. Иргэд үйлчилгээнийхээ төлбөрийг уг апп-ыг ашиглан төлөхдөө санал, хүсэлтээ бичихээс гадна тухайн газрын байршил, холбоо барих утасны дугаар болон бусад мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

3.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЦЭС

Уг цэсэнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг бүх зочид буудал, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, музей, аялалын маршрут, coffee shop  бий.

Нийт 14 зочид буудлын хаяг, утасны дугаараас  сонголтоо хийх боломжтой юм. Мөн Yuna, Modern nomads зэрэг сүлжээ ресторанаас гадна Эрдэнэт хотдоо чанар, үйлчилгээгээрээ тэргүүлдэг Hunnu&Calm, Маестро, Москва Петушки, Asia, Чингис ресторануудын мэдээлэл бий.

Энэ мэтчилэн Эрдэнэт хоттой холбоотой төрийн болон хувийн байгууллагуудын бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээний цаг товлох, Өрхийн Эрүүл мэндийн төв, хувийн эмнэлэгүүд, эмийн сан зэрэг эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээний талаар мэдээлэл авч болох юм.

Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, хоршоод, албан байгууллагууд бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнээ нэмэлт  шимтгэлгүйгээр  хямд үнээр хэрэглэгчдэд өгөх давуу талтай ажээ.

Хариулт үлдээх