1. Монгол гэр нь нарны цагтай тохирдог. Гэр дундаас 4 ханатай гэр нь нарны цагтай яг цав таардаг. Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр 12 жилийн амьтдаар нэрлэгддэг. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг Монголчууд нар мандах, шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг. Тухайлбал тоононд туссан нарны гэрэл өглөөний 4-6 цаг, унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг, гэрийн хойморт нар их үдэд 12 цагт тусна гэх мэт.
  2. Монгол гэрийн хэлбэр нь хүний энергийн урсгалтай зохицдог. Хүний энерги спираль маягийн буюу тойрон эргэлдсэн байдаг бөгөөд гэрт амьдрахад хүний энерги зөв урсгалтай байдаг. харин одоогийн байр, байшин дөрвөлжин байдаг нь булан тохойд муу энерги шингэх, хүний энерги алдагдахад хүргэх талтай. Гэрийн орой хэсэгт энергийн урсгал илүү хүчтэй байх бөгөөд эрт үеэс нялх хүүхдийг унинаас дүүжилсэн өлгийд унтуулдаг байсан нь учиртай.
  3. Их гэр, бага гэрийг ханын тоо ба толгойгоор ялгана. Сараажилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. Жишээ нь : 14 толгой бүхий 4 ханатай гэрийг бага гэр, 16 толгой бүхий 6 ханат гэрийг их гэр гэнэ. Хамгийн жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан. Дээр үед ихэс дээдэс 8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхэнд тэмдэглэгдсэнээр хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй үлэмж Бат-Өлзий гэр юм.
  4. Монгол гэрт амьдардаг хүн чийг “бамын” өвчнөөр өвчилдөггүй. Эсгий бүрээс, модон тулгуур хана, унь, тооно гэрийг чийггүй байхад гол үүрэгтэй. Хонины ноосон эсгийнд тослог их агуулагдах тул гаднаас чийг нэвтрүүлдэггүй. Харин ч чийг хатаах чадвартай. Модон тулгууруудаа голчлон хар модоор хийдэг бөгөөд хар мод нь муу агаар, чийгийг өөртөө шингээж орчныг цэвэршүүлдэг.
  5. Монгол гэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн хана эвхэгддэг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан. Тиймд хүчтэй газар хөдлөлтөнд ч эвдэрч сүйдэхгүй.
Хариулт үлдээх